ЗООСНЫ НӨГӨӨ ТАЛЫГ ХАРЪЯ: ЗАЙНААС БУЮУ REMOTE АЖИЛЛАХЫН 4 СУЛ ТАЛ
Сүүлийн үед инстаграм дээр хамгийн их ашиглагдсан hashtag #WorkinFromHome буюу #ГэрээсээAжиллах болсныг мэдсэн үү? Дэлхий даяар маш олон хүмүүс гэрээсээ ажиллах болсонтой холбогдон #ootd, #girlpower зэрэг алдартай hashtag-ууд үүнд дарагджээ. Үүнтэй зэрэгцээд “Remote” ажиллах, “дижитал шилжилт” гэсэн үгсээр эхэлсэн гарчгууд сонины эхний нүүрэнд заларч миний бие ч бас түүнээс дутахгүй “Digital Nomadic” нэртэй влогийг эхлүүлж, 2 дугаарыг аль хэдийн Youtube сувгаараа цацаад амжжээ.
Форбес сэтгүүлийн нийтлэлч, Wrike компанийн Гүйцэтгэх захирал Аndrew Filev “Дижитал шилжилтийн нөхцөл байдал COVID-19-ийн өмнө ба дараа” нийтлэлдээ байгууллагуудыг дижитал шилжилтэд хөтөлж буй хамгийн том хүчин зүйл нь вирусийн тархалт гэдгийг онцолсон юм. Зайнаас ажиллах буюу remote гэх нэр томьёо Монголчуудын хувьд хэтэрхий шинэ байсан ч вирусийн тархалттай холбоотойгоор үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан нь аль аль талдаа давуу болон сул талыг авчирчээ.
Байгууллагын зүгээс хүмүүсээ зайнаас буюу “remote” ажиллуулахад маш их итгэлцэл хэрэг болдог бол хувь хүн өөртөө маш их үүрэг хариуцлага хүлээлгэх шаардлагатай болдог. Гэрээсээ ажиллах гэдэг нь хүмүүсийн чихэнд ихэвчлэн сайн талаараа буудаг ч сүүлдээ хүмүүс гэрээсээ ажиллахаас илүү оффис дээр ажиллахыг илүүд үзэж байгаа нь миний өчүүхэн влогийн үр дүнгээс харагдаж байгаа билээ. Тэгвэл влогийн хүрээнд гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсээс авсан мэдээлэл болон интернет дэх хайлтын илэрцээ нэгтгэн гэрээсээ ажиллахыг 4 сул тал болон түүнийг давахад тусалсан зөвлөгөөг та бүхэнд хүргэе.
- Хэтэрхий их ажиллах
Зайнаас ажиллах гэдэг цаасан дээр сайхан харагддаг боловч бодит амьдрал дээр тийм ч сайхан зүйл биш ажээ. Ажлын 9 цаг гэдэг ойлголт гэрт буухаараа зарим тохиолдолд ажлын 17 цаг болох ч магадлалтай.
Ихэнх хүмүүсийн бүтээмж өндөртэй байдаг цаг ялгаатай байдгаас шалтгаалаад таныг унтах гээд хэвтэж байхад чинь хэн нэгэн гэнэт маш чухал ажил өгөх тохиолдол бий. Даргын тань онгод гэнэт шөнийн 10 цагт ороод баахан ажил өгөх үед та хичнээн өдөржингөө ажилсан байлаа ч дэлгэцээ асаагаад ажилдаа орохоос өөр сонголтгүй байдаг.
Үүнд маш олон хүмүүс шүүмжлэлтэй хандсан учир Microsoft корпорац өөрсдийн Teams аппликейшндээ нэгэн шинэ хэсгийг нэмсэн нь “shift” юм. Энэ хэсэгт та болон танай багийнхан цаг тутамд яг юун дээр ажиллаж байгааг харуулдаг юм. Та цаг бүр өөрийн юун дээр ажилласан update-ээ оруулах хэрэгтэй бөгөөд өдрийн аль хэсэгт ч зүгээр суугаагүй гэдгээ энэ хэсгийн тусламжтайгаар баталж чадах юм.
Хэрвээ танай дарга чинь орой эсвэл өглөө баахан ажлаар булаад, таныг ажил хийхгүй байна энээ тэрээ гээд байвал үүнийг заагаад өгчих за :)
2. Аюулгүй байдлаа алдах
Байгууллагууд аюулгүй байдлаа хадгалахын тулд маш олон төрлийн хамгаалалтууд ашигладаг гэдгийг та мэдэх үү? Учир нь гэрээсээ ажиллах өөрийн гэрийн интернэтийг ашигладаг учир энэ үед цахим халдлагад өртөх хамгийн өндөр боломжтой байдаг байна.
Ямар нэг халдлага бүхий мэйл, файл зэргээс танай гэрийн интернэт хадгалж чадахгүй учир та энэ үед өөрийн чухал хэрэгцээтэй файлуудыг үүлэн дээр буюу Onedrive дээр хадгалах хэрэгтэй. Учир нь хамгийн аюултай халдлагуудын нэг болох malware нь таны файлуудыг барьцаалж, маш өндөр үнийн дүн бүхий мөнгийг нэхэмжилдэг юм. Үүнээс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд сэжиг бүхий мэйлүүдийг нээхгүй байх, Exe өргөтгөлтэй файлууд татахгүй байх юм.
Ямар ч тохиолдолд өөрийн чухал файлаа компьютер дээр биш Onedrive дээрээ хадгалж байгаарай. Энэ нь ба таныг тухайн файлыг дурын төхөөрөмжөө ашиглах боломжийг олгодог.
Илүү дэлгэрэнгүй аюулгүй байдлын шийдлүүдийн талаарх мэдээллийг авмаар байвал энд дарж дараах блогийг уншаарай.
3. Цагаа буруу төлөвлөх
Зайнаас ажиллахад мэдээж, ажилдаа явах цагаа өөр зүйлд зарцуулах боломжтой болдог. Ихэнх хүмүүс үүнийг өглөө 9 хүртэл унтах боломж гэж хардаг. Энэ үед өглөө хийдэг зүйлсийн багтаамжаас шалтгаалаад та ажлынхаа цагаас хумсалж байдаг. Мөн ажлын дундуур дуртай цувралынхаа нэг ангийг үзэх, нохойгоо салхилуулах, хүүхдээ саатуулах зэрэг зүйлсээс болж ажилдаа төвлөрөхөд хэцүү болдог.
Нөгөө талаас гэр бүлийнхэн чинь таныг амарч байгаа мэт бодож маш олон ажил даалгаж мэдэх юм. Тиймээс та гэр бүл болон дотынхоо хүмүүст гэрээсээ ажиллаж байгаа л болохоос ажил хийж байгаа гэдгээ маш сайн ойлгуулах хэрэгтэй.
4. Харилцаа холбооноос тасрах
Энэ хэсэгт “Анхаарлаа төвлөрүүлэхэд тулгардаг асуудлуудын талаар бичих гэсэн ч илүү чухал зүйлийн тухай дурдахгүй өнгөрөх нь гэмт хэрэг мэт санагдаад “харилцаа холбооноос тасрах” гэсэн сэдвийг сонголоо. Дэлхий даяар гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн дуу нэгтэй хэлж байгаа сул тал нь харилцаа холбоогүй болох юм. Өдөр бүр тохио нийлүүлэн суудаг ажлын хамтрагчид, үүднээс инээмсэглэн угтах захиргааны ажилтны царай гээд л маш олон хүмүүстэй гэнэт л уулзалдахаа больдог нь хүмүүст сэтгэл зүйд цохилт үзүүлдэг байна. Энэ үед онлайн хуралд оролцох, ажлынхаа найзуудтай чатлах зэрэг аргуудыг хэрэглэхийг мэргжилтнүүд зөвлөж байна.
АНУ-ын 2019 онд хийсэн нэгэн судалгааны үр дүнд нийт ажил горилогчдын 40% нь цалин нь 10%-аар буурсан ч гэлээ зайнаас ажиллах боломжтой ажлын байрыг сонгоно гэсэн хариу гарчээ. Ихэнх хүмүүсийн хувьд гэрээсээ ажиллах нь маш том боломж байдаг бол зоосны нөгөө талыг эргүүлэх мэт нөгөө талд нь дээрх 4 асуудал байнга дагалддаг ажээ.
Мэдээж энэхүү ажиллах хэв маяг нь дэлхий дахинаа хэдийн танил болсон зүйл бөгөөд эдгээр асуудлууд гардаг байсан учир дэлхийн томоохон корпорацууд эдгээр асуудлын шийдлийг санал болгосоор байна. Хэрвээ танд ч бас эдгээр асуудлууд тулгарч байгаа бол тус зөвлөмжүүдийг дагаарай. Мөн өчүүхэн миний туршлагаас суралцхыг хүсвэл миний сошиал хаягуудаар холбоо бариарай :)
Instagram: @Chandmanib
Facebook: Chandmani Battulga